1901 он бол өөр нэгэн эмэгтэйн амьдралын эргэлтийн үе байлаа. Энэ бол тухайн үеийн хамгийн алдартай химичдийн нэг Фриц Хаберийн гэргий Клара Иммервахр билээ. Фриц Хабер нь бордоо, тэсрэх бодис хийхэд чухал үүрэгтэй аммиакын нэгдэл гаргаж авах аргыг нээснээрээ 1918 онд Нобелийн шагнал хүртсэн юм.

Клара 1900 онд Бреслаугийн их сургуульд Ричард Абэггийн удирдлага дор химийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Мөн тэрээр Бреслаугийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан анхны эмэгтэй байв. Гэвч Клара жилийн дараа гэрлэснээр эрдмийн карьер нь зогсов. Учир нь тэр Милевагийн нэгэн адил гэр бүлийн амьдралдаа өөрийгөө зориулж, нөхөртөө тусалсан юм. Хаберийн эрдэм шинжилгээний ажилд ойр дотно оролцож, судалгааг нь англи хэл рүү орчуулж байжээ. Клара үүнд сэтгэл дундуур байсан ч энэ нь түүнийг хүлээж байсан эмгэнэлт явдлын эхлэл байсан гэдэг.

Дэлхийн I дайны улмаас еврей хүн хэдий ч өөрийгөө герман гэж боддог Фриц Хабер лабораторийн хувцсаа цэргийн дүрэмт хувцсаар сольж, төрөлх Пруссиа ялахын тулд химийн зэвсэг бүтээсэн аж. Богино хугацаанд тэрээр хлорын хий гаргаж авсан нь нэг удаад олон мянган хүний аминд хүрсэн химийн дайны эцэг гэж түүхэнд үлдэв. Үүнээс гадна 1915 оны дөрөвдүгээр сарын 22-нд Бельгийн Ипрес хотын ойролцоох Франц, Британийн цэргүүдийн эсрэг дээрх зэвсгийг анх удаа ашиглахыг биечлэн удирдаж, II Кайзер Вильгельм ахмад цол хүртжээ. Клара нөхрийнхөө химийн дайны ажлыг анхнаас нь эсэргүүцэж Фрицийн судалгаа нь "шинжлэх ухааны үзэл санааг гажуудуулсан", "амьдралд шинэ ойлголт авчрах ёстой сахилга батыг сүйтгэсэн зэрлэг байдлын шинж тэмдэг" гэж илэн далангүй хэлсэн гэдэг. Улмаар түүний Фрицтэй харьцах харьцаа маш хурцадсан байна.

Нөхөр нь Ипрес хотын “аллагад” оролцож, "амжилттай" буцаж ирснийг мэдсэн Клара тус орой Фрицийн гар буугаар өөрийгөө хороожээ. Гэвч нөхөр эхнэрээ оршуулаад хэд хоногийн дараа Фриц Хабер фронтод буцаж ирсэн гэдэг. Үүнээс хэн нь шинжлэх ухааны байр суурь, ёс зүйд үнэнчээр үлдэж, хэн нь тус зарчмуудыг уландаа гишгэсэн нь харагдана. Түүхэнд тухайн үеийн нөхцөл байдал, хувь тавилан нь арай өөрөөр эргэсэн бол дэлхий дахинд нэг эмэгтэй эрдэмтэн нэмэгдэх байж. Магадгүй түүний нээлтүүд нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийн оронд аврал ч болж мэднэ.