БААТАРЫН БАТЦЭНГЭЛ
email: battsengel@gmi.edu.mn
BIO:Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн захиралаар 2019 оны 12 сараас хойш ажиллаж байна. Өмнө нь тус сургуульд 2013 оноос хойш химийн профессор, Сургалт, судалгаа хариуцсан дэд захирал албан тушаалуудад ажиллаж байсан. ХБНГУ-ийн Аахен хотын RWTH-Aachen их сургуульд хими, хими инженерчлэлийн чиглэлээр химийн ухааны докторын зэргээ хамгаалж, Bayreuth болон RWTH-Aachen их сургуулиудад судлаачаар ажиллаж байгаад 2006-2013 онд МУИС-д физик химийн дэд профессор, хими технологийн тэнхимийн эрхлэгчээр ажилласан. МЭИТЭМ нэгдсэн холбоо (WSTEM)-ны УЗ-ийн гишүүнээр мөн дэлхий эмэгтэй эрдэмтэн инженерүүдийн холбоо (INWES) байгууллагын УЗ-ийн гишүүн, сургалт судалгаа хариуцсан дэд ерөнхийлөгчийн үүрэгт ажилд 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.
МЕНТОР ЯРИЛЦЛАГЫН ХЭСЭГ
Таны эрхэлдэг, мэргэшсэн ажил мэргэжлийнхээ талаар товчхон бичнэ үү?
Химич, химийн багш мэргэжлээр МУИС-ийг төгссөн, хими химийн инженерчлэлийн чиглэлээр докторын зэргээ хамгаалсан. Химийн шинжлэх ухаан байгалийн ШУ-ны нэг бөгөөд бидний өдөр дутамд химийн бодис, урвалууд тохиолдож байдаг. Бодисын шинж чанар, тэдгээрийн хувирлыг судалдаг бөгөөд орчин үед бусад ШУ-ны салбаруудтай хамтарсан салбар дундын ШУ эрчимтэй хөгжиж байна. Шинэ бодис гарган авах, материалын судалгаа, биологи, анагаах ухааны чиглэлд химийг өргөн хэрэглэж байна.
Таны мэргэжлээ сонгох болсон шалтгаан юу байсан бэ? Таныг энэ мэргэжлээрээ мэргэшихэд хэн хамгийн их нөлөөлсөн бэ?
Аав ээж маань химич мэргэжилтэй хүмүүс байсан. Тэдний ажил, мэргэжлийн тухай сонсож харж байсан бүхэн нөлөөлсөн. Мөн Химийн бодисын хувирал өөрчлөлт, энэ чиглэлээр ажиллаж байсан дэлхийн эрдэмтдийн намтар бүтээлийг уншиж ихээр сонирхол татагдсан.
Таны ажил мэргэжлийг гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авдаг вэ?
Үргэлж дэмжиж, талархаж хүлээж авдаг.
Та ажил, эзэмшсэн мэргэжлийнхээ юугаар нь бахархдаг вэ?
Бүх зүйлээр нь. Байгалийг таньж мэдэх, хүмүүсийн амьдрал, улс орны хөгжилд нөлөөлдөг ач холбогдолтой мэргэжил.
МЕНТОР ЗӨВЛӨГӨӨ ХЭСЭГ
Таны суралцаж төгссөн мэргэжил, мэргэшсэн мэргэжлийн тань онцлог давуу тал нь юу вэ?
Улс оронд хэрэгцээтэй. Олон салбарт хөрвөж ажиллах боломжтой. Уул уурхай, хүнс, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрүүд, гоо сайхан, эм эмэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, анагаах ухаан гээд маш олон салбарт ажиллах боломжтой.
Охид эмэгтэйчүүд STEM чиглэлийн мэргэжлээр мэргэших нь ямар давуу талтай гэж боддог вэ?
STEM-ийн чиглэл бол тэргүүлэх, эрэлт хэрэгцээ өндөртэй учраас харьцангуй өндөр цалин хангамжтай ажлын байранд очих магадлал өндөр. Мөн үргэлж шинээр танин мэдэж, шинэ зүйлийг бүтээж, бий болгох боломжтой тул маш сонирхолтой байх болно.
Мэргэжил сонголтонд хүрсэн охид бүсгүйчүүдэд мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар 2 зөвлөмж хэлбэл?
Өөрийгөө нээж, хүсэл сонирхлоо дагах, ирээдүйд сонгож буй мэргэжил хэр эрэлт хэрэгцээтэй талаар судлах
Нарийн мэргэжлийн инженер технологи, шинжлэх ухааны мэргэжлүүдэд дурлан сонирхож байгаа охид, эмэгтэйчүүддээ хандаж хэлэх үг, зөвлөмж байвал та хуваалцаарай.
Орчин үед инженер технологи, шинжлэх ухааны мэргэжлүүд заавал эрэгтэй хүн сонгодог хүнд хэцүү салбар байхаа больсон. Илүү мэдлэгт суурилсан салбар болсон тул охид эмэгтэйчүүд өөрийн хүсэл сонирхлынхоо дагуу ихийг бүтээж чадах боломжтой энэ салбарт хүчээ үзэж амжилт гаргаарай гэж хүсье.