ПҮРВЭЭГИЙН АРИУНБОЛОР

email: ariunbolor976@gmail.com


BIO: Техникийн их сургууль буюу одоогийн нэршлээр Шинжлэх ухаан технологийн их сургууль (ШУТИС)-ийг Уул уурхайн цахилгаан механик инженерчлэлийн бакалавр, МУИС-ийг англи, монгол хэлний орчуулагчийн бакалавр зэрэгтэй. ШУТИС-ийг Уул уурхайн инженерийн магистр болон Цахилгааны инженерийн докторын зэрэг тус тус хамгаалсан. Эргэлдэх цахилгаан механик тоног төхөөрөмжийн үл задлах аргын оношилгооны судалгааны ажлыг анхлан нэвтрүүлж энэ салбарыг бий болгон хөгжүүлж байна. Үл задлах аргын оношилгоо, хиймэл оюун сүлжээ, цахилгаан эрчим хүчний чанар, динамик загварчлал, бүтээгдэхүүний оновчлол, загварчлал, инженерийн статистик чиглэлээр судалгааны ажлыг гүйцэтгэдэг ба МАТЛАБ, МАТЛАБ СИМУЛИНК ба эксел дээр программ бичих чадварыг сайн эзэмшсэн. П.Ариунболор нь Дэлхийн эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн байгууллагын идэвхтэй гишүүн ба Ази номхон далайн орнуудын 2020-2023 оны зохицуулагч, Монголын эмэгтэй эрдэмтэд, инженерүүд, технологичид, математикчдын нэгдсэн холбоог үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал юм. Охидыг шинжлэх ухаан, технологийн салбарт уриалан дуудах, ажиллаж байгаа эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд гаргахад нь дэмжлэг үзүүлдэг ба үүний ач холбогдлыг ойлгуулах, эмэгтэйчүүд ажилласнаар хүрсэн, хүрэх үр дүн ихээхэн үр өгөөжтэй болохыг сурталчилдаг. Олон улсын Цахилгаан ба Электроникийн Инженерүүдийн Институт (IEEE) болон IEEE-ийн Инженерийн салбарын эмэгтэйчүүдийн гишүүн юм.


МЕНТОР ЯРИЛЦЛАГЫН ХЭСЭГ

 

Таны эрхэлдэг, мэргэшсэн ажил мэргэжлийнхээ талаар товчхон бичнэ үү? 
Уурхайн цахилгаан механик инженер. 

Таны мэргэжлээ сонгох болсон шалтгаан юу байсан бэ? Таныг энэ мэргэжлээрээ мэргэшихэд хэн хамгийн их нөлөөлсөн бэ? 

Би багаасаа математикт дуртай. Сургууль, хот, улс гээд математикийн олимпиадад ордог тоондоо сайн хүүхэд байсан. Намайг мэргэжил сонгоход хамгийн их нөлөөлсөн хүн бол миний аав. Миний аав цахилгаанчин хүн байсан ба энэ Уурхайн цахилгаан механик мэргэжлийг сонгож өгсөн байдаг.


Таны ажил мэргэжлийг гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авдаг вэ?
Манай гэр бүлийнхэн миний мэргэжлээр бахархдаг.


Та ажил, эзэмшсэн мэргэжлийнхээ юугаар нь бахархдаг вэ?

Өнөөдөр эрчим хүчээс бидний ахуй амьдрал хамаардаг болсон Иймд цахилгааны инженер улам бүр хэрэгцээтэй болсоор байна. Ийм чухал мэргэжил эзэмшсэндээ баярладаг. Миний мэргэжил цаг үргэлж өөрийгөө хөгжүүлэх, боловсруулахыг шаарддаг нь миний мэргэжлийн бахархал юм. Би өөрийнхөө эзэмшсэн мэргэжилдээ дуртай хайртай тул хэдэн цагаар ажилласан ч ядардаггүй. Ийд би мэргэжлээрээ бахархдаг.

 

МЕНТОР ЗӨВЛӨГӨӨ ХЭСЭГ

 

Таны суралцаж төгссөн мэргэжил, мэргэшсэн мэргэжлийн тань онцлог давуу тал нь юу вэ?

 

Миний мэргэжил нь уул уурхайн тоног төхөөрөмжийн автоматжуулалт тул технологийн хөгжлийг дагаад өөрийнхөө мэдлэг, чадварыг цаг тутамд дээшлүүлэх хөгжүүлэх шаардлагатай байдаг . Мэргэжлийн гүн бат мэдлэг, англи хэл, программ буюу код бичдэг өндөр чадвар шаарддаг.


Охид эмэгтэйчүүд STEM чиглэлийн мэргэжлээр мэргэших нь ямар давуу талтай гэж боддог вэ?

Шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжлийн үед STEM буюу шинжлэх ухаан, технологи, инженерчлэлийн чиглэлээр мэргэшсэн эмэгтэйчүүд, ээжүүд үр хүүхдүүддээ шинжлэх ухаан, технологийн хөгжлийг зөв тайлбарлан сонирхлыг нь татах, зөв амьдрах зөв хооллох дадал хэвшүүлэх, зөв хүмүүжүүлэх, боловсруулах гэх мэт хэлж баршгүй олон асуудлуудад илүү эерэг нөлөө үзүүллдэг. Хэрэв өндөр боловсролтой, сайн иргэдийг бэлтгэвэл энэ нь нийгмийн шавхагдашгүй баялаг болно.


Мэргэжил сонголтонд хүрсэн охид бүсгүйчүүдэд мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар 2 зөвлөмж хэлбэл?

Зөвлөгөө 1: Мэдээллийн технологи, хиймэл оюун ухааны хөгжлийг Ковидын өмнө, хойно, дэлхийн нийтийн байгаль цаг уурын байдлыг аваад үзэхэд 2020 оноос өмнө, хойно гэж тус хоёр хувааж авч үзэж болно. Энэ бүх өөрчлөлтийн үед шинжлэх ухаан, технологи, инженерчлэлийн чиглэлээр мэргэшсэн эмэгтэйчүүдийн бүтээн байгуулалт, хариуцлага, дуу хоолой урьд өмнөхөөсөө илүү ихээр шаардагдаж байна. Иймд охид, эмэгтэйчүүд шинжлэх ухаан, технологи, инженерчлэлийн чиглэлээр ажиллаж эхэлбэл зөв бөгөөд тогтвортой хөгжилд өөрийн хувь нэмэрийг оруулж үр хүүхэд хойд ирээдүйн төлөө, нийгмийн сайн сайхны төлөө ажиллах боломж, үүд хаалга нээгдэнэ. Бүтээн байгуулалтад, ирээдүйн сайн сайхны төлөө үр бүтээлтэй ажилласан, өөрийнхөө хувь нэмрийг оруулсан хүн бүр нас ахих тусам сэтгэл ханамжтай сайхан амьдардаг.

 

Зөвлөгөө 2: Өөрийнхөө л сонирхсон дуртай мэргэжлээ л сонгох хэрэгтэй. Өөрийнхөө дуртай өөртөө тохирсон зөв мэргэжлийг сонгох нь ажил амжилтын үндэс байдаг. Хүнд хоёр төрлийн амьдралын дунд байдаг. Нэг нь гэр бүл аав ээж ах дүү үр хүүхэд гээд гэр орны амьдрал, нөгөө нь ажил мэргэжил, ажлын хамт олон гээд мэргэжлийн амжилт байдаг.

 

Нарийн мэргэжлийн инженер технологи, шинжлэх ухааны мэргэжлүүдэд дурлан сонирхож байгаа охид, эмэгтэйчүүддээ хандаж хэлэх үг, зөвлөмж байвал та хуваалцаарай.

Шинжлэх ухаан технологийн салбарт бүх салбарын эрдэмтэд, инженерүүд, техникчид (цахилгаанчин, гагнуурчин, сантехникч гэх мэт) бүгд багтдаг. Иймд Мэргэжил бүхэн сайхан ч өнөөдрийн хөгжлийн үүднээс хараад үзэхэд шинжлэх ухаан технологийн салбарт илүү их охид эмэгтэйчүүд орж ажиллаж байж нийгмээрээ зөв хөгжиж, олон инновац, шинжлэх ухааны зөв бүтээн байгуулалтууд хийгдэж тогтвортой хөгждөг. Шинжлэх ухаан технологийн салбарт ажиллаж байхад мэдэхгүй чадахгүй их зүйлүүд тулгардаг бас алддаг. Хүн алдаа хийж болно. Алдаа дээрээсээ суралцах тусам улам ихийг мэддэг. Харин алдаа хийгээд байгаа хүнийг уучлан өнгөрч болохгүй ба энэ нь өөрөө томоом том алдаа болж хойжим хойно харамсах үр дагаварт хүргэж болно. Ялангуяа мэргэжил дээрээ алдаа хийж байгаа хүн шууд хэлж зааж сургаж байгаарай.